Gap year-ийг хэрхэн давуу тал болгох вэ

Сургуулиа төгсөөд шууд их сургуульд ороогүй нэг жилийг алдагдсан хугацаа биш, өөрийгөө олох боломж гэж харах тухай.
“Нэг жил хоцорлоо” гэж заавал бодох хэрэггүй
17–20 нас бол хүүхэд том хүн болж эхэлж байгаа эмзэг үе. Гадаад төрхөөрөө насанд хүрсэн мэт боловч дотроо “Би юу хийх вэ?”, “Ямар мэргэжил надад тохирох вэ?” гэж эргэлзэж байдаг.
Энэ үед gap year буюу завсарлага авсан жил гарч ирдэг. Манай эцэг эхчүүдийн хувьд энэ үг жаахан айдас төрүүлж магадгүй. “Хичээлээс хөндийрчих вий”, “Зүгээр суучих вий”, “Бусдаасаа хоцрох вий” гэж бодно.
Гэхдээ зөв төлөвлөж чадвал энэ нэг жил хүүхдийн хувьд маш үнэ цэнтэй байж болно. Ялангуяа мэргэжлээ сонгохдоо эргэлзэж байгаа хүүхдэд. Шууд сонгоод дараа нь дургүйгээ мэдэхээс илүү, түр зогсоод өөрийгөө таних нь заримдаа илүү ухаалаг алхам байдаг.
Gap year бол амралт биш, туршилтын жил
Энэ хугацааг “юу ч хийхгүй жил” болгож болохгүй. Харин “туршиж үзэх жил” болговол үнэ цэнэтэй.
Хүүхэд тань богино хугацааны сургалт үзэж болно. Ажил, дадлага хийж болно. Өөр өөр салбарын хүмүүстэй ярилцаж болно. Өөрийн сонирхол, чадвар, тэвчээрээ бодитоор шалгаж болно.
Жишээ нь программ хангамж сонирхож байгаа бол зөвхөн “компьютерийн мэргэжил ирээдүйтэй” гэж сонсохоос илүү, өөрөө жижиг төсөл хийж үзэх нь илүү тодорхой ойлголт өгнө. Код бичих дуртай юу. Асуудал шийдэхдээ шантрах уу. Багаар ажиллаж чадах уу. Ийм зүйлсийг ном уншаад бүрэн мэдэх хэцүү.
Pinecone Academy шиг практик төвтэй орчинд сурагчид бодит төсөл хийж, өөрийн гараар бүтээж үздэг. Ийм туршлага хүүхдэд “энэ зам надад тохирох уу?” гэдгийг илүү бодитоор мэдрүүлдэг.
Эцэг эхийн үүрэг бол шахах биш, чиглүүлэх
Gap year авч байгаа хүүхдэд хамгийн хэрэгтэй зүйл бол хяналттай эрх чөлөө. Өдөр бүр загнах хэрэггүй. Бас бүхнийг нь зөнд нь орхиж болохгүй.
Хамт суугаад гурван асуулт асуугаарай.
“Энэ жил юу туршиж үзмээр байна?”
“Гурван сарын дараа ямар ахиц гаргасан баймаар байна?”
“Бид чамд юугаар туслах вэ?”
Ингээд жижиг зорилго тавь. Сард нэг удаа тайван ярилц. Шүүмжлэхээсээ өмнө сонс. Хүүхэд өөрөө шийдвэр гаргаж сурвал тэр жил жинхэнэ утгаараа өсөлтийн жил болно.